Баядад хэд хэдэн төрлийн тухайлбал, сээтгэр малгай, тойруул тоорцог, царцаа хар, туйв малгай, товь, дуулха гэх мэт малгайнуудыг өмсдөг байв. Баяд малгай нь бусад ястнуудын малгайнаас ялгагдах учир дөрвөдүүд тэднийг хар хэрмэн нутагтай, хар хүрээтэй малгайтай хар баяд гэж нэрлэдэг байсан аж. Охид сэвгэрүүд зунд нь хүрэн өнгийн алчуур зангидаж өвөл нь лоовууз өмсөнө.
Баяд авгайн тэрлэгний нударганы омог талбиу байхад дөрвөд авгайн нударганы омог хурц, тэрлэгний ханцуйн ухаар нь өргөн тавиу байхад дөрвөд авгайн ухаар нь бариувтар байх онцлогтой. Дөрвөд тэрлэгний энгэрийн эмжээр нарийн, хормойн эмжээр хоёр хуруу байхад баяд тэрлэгний хормойны эмжээр дөрвөн хуруу өргөн байх жишээтэй. Баядууд өвөлдөө цагаан нэхий дээл өмсөх ба дэлээ эргэн тойрон хар хилэнгээр хоёр зэрэгцүүлэн эмжиж толгойд нь хээ гаргаж өлзий ороон хадах бөгөөд захыг нь гадагш эргүүлэн хос эмжиж эргүүлсэн хэсэгтээ хар хурганы арьс хадаж гоёдог.
Баяд гутал бол ширмэн эсгий ултай, харин дөрвөд гутал бол гурван давхар ширэн ултай хийх тус тусын ялгаатай. Баяд улаан гутлыг хар модны холтсыг усанд чанаад сэрх ямааны арьс, үхрийн ширэнд нимгэн түрхэж улаан өнгөтэй болгож элдэж талхиад хүн бүр ажилд өмсдөг байсан байжээ. Мөн буга агнан годны арьсыг нь битүү задгай хоёрын аль нэгээр өвчин хуулж аваад элдэж хүний хөлний том багын хэмжээнд тохируулж годон гутал хийдэг. Хандгайн дөрвөн годоор урт түрийтэй, хөлөнд хөнгөн, ус үл нэвтрэх эдэлгээ бөх гутал хийдэг байжээ.
No comments:
Post a Comment