Tuesday, 18 May 2010

Mongolian doll /Dariganga/


Дарьгангачууд нь Сүхбаатар аймгийн нутагт оршин суух бөгөөд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн болно. 1690-ээд оны сүүлчээр Манжийн захиргаанд орох үед Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж Халхын Түшээт хан аймгийн Говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Хуучин дарьгангын сүрэгчин нь баруун гар адуучин, зүүн гар адуучин, баруун гар тэмээчин, зүүн гар тэмээчин, хоньчин гэсэн таван гар болж байжээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа оршин сууж байна, Дарьгангачууд нь мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлагаар монгол даяар алдартай юм.

Дарьгангачуудын хувцас нь бусад нутгийн монголчуудын хувцастай үндсэндээ адил дээл, өмд, цамц, малгай, гутал зэргээс бүрддэг зуны тэрлэг, дан дээл, ууж, хөвөнтэй дээл, хурган дотортой дээл, сэнсэн дээл, үзүүрсэг дээл, зувцаа дээл, нэхий дээл, хүрэм ханжаар зэрэг дээл цээживч байна. Дээл бүслэхэд зориулсан урт байдаг.

Дарьгангачууд өөрийн өмсөх гутлаа хийдэг боловч сайн үйлчний хийсэн гоёмсог хээнцэр гутлыг авч өмсөх нь цөөнгүй байжээ. Гутлыг хавчуулж оёсон сарьс, түрий зулагт байгаа угалзын тоо, улны хийц төрхөөр нэрлэдэг байв. Жишээ нь: гурван сарьстай, 36 угалзтай зурмал улт, хоёр сарьстай, 18 угалзтай наамал улт, дөрвөн сарьстай ширмэл улт гутал гэх зэргээр нэрлэдэг.

Эмэгтэйчүүдийн гоёл нь хоргойгоор чимэглэсэн нударгатай, тохойтой эхнэр дээл, малгай, ууж, гутал зэргийг өмсөхдөө гадна татуур, хавчаар, сүйх, шивэргэл, ар мөрийн гуу зэргээр чимэглэж гоёдог байв. Татуур нь шүр шигтгээ шигтгэсэн толгойн мөнгөн өмсгөл бөгөөд хоёр талын шанаанаас үргэлжилсэн 3 давхар шүрэн сагалдаргатай, магнай дээрээ ханалж хадсан сувдан тортой хоёр талаас нь унжсан дороо шүр, оюу, номин бүхий бөнжигнүүртэй олон сувдан унжуургатай. Шивэргэл бол хавчаарын дороос угласан дээд үзүүрийг нь шүрээр бүрхсэн нэг талдаа 3 угсраа шүрэн шигтгээтэй дөрвөлжин мөнгөн хадлагатай, ууж хүртэл унжсан хатуулж цардсан хоргой дээр байх зүйл юм.

1 comment:

манай facebook page д like дараарай