Tuesday, 18 May 2010

Mongolian doll/Barga/


Баргачууд бол эртний монгол удмын аймгуудын нэг юм. XIII зуунаас урьд Байгал далайн тэндэх Баргужин төхөм гэдэг газар нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг болно. Эртний сурвалжит монгол аймаг Барга нарын голомт нутаг Байгал нуураас Хянганы нуруу хүртэл үргэлжилж байжээ. Баргачууд нь Чингис хааны аян дайны үед цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн албыг хааж байжээ.
Баргууд үнэхээр нүүдэлч удамтай улс юм. Хөлөнбуйр, Байгал нуур, Алтай уулын хооронд түүхэн урт удаан хугацаанд нүүдэллэж байсан бөгөөд Алтайгаас нааш нүүхдээ одоогийн Завханы нутагт удаан суурьшиж нэг хэсэг нь тэнд үлдсэн бололтой. Одоо Монгол улсын Дорнод, Дундговь, Архангай, Ховд, Баян-Өлгий, Төв, Завхан аймгуудын сумдад барга ястнууд аж төрөн буй. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн зүүн ба баруун хошуудад харъяалагдан Эргүн голоор нутаглан байна.

Баргачуудын хэл аялгуу нь буриадтай нэлээд төстэй юм. Овгийн дэг журмыг нарийн баримтлан сахиж, ахмадыг хүндэтгэн, овог дотроо гэр бүл болохыг хориглож, ах дүүсээр хотлох, нагац талаа дээдлэх зэрэг нь ураг барилдах, цагаан сарыг тэмдэглэх, нүүдлийн зан үйлд тод тусгагдан үлджээ.

Барга эрэгтэй хүн элдээмууз хэмээх босоо өндөр оройтой, орой дээрээ сампинтай малгайг сэрүүний улиралд өмсч байв. Эмэгтэйчүүд нь орой дээрээ улаан залаатай дүгрэг малгай өмсөнө. Мөн аль ч улиралд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй бүгд цайвар өнгийн алчуураар толгойгоо ороож байжээ.

Барга нар хонины элдсэн цагаан нэхий дээл өмсөх нь зонхилж байсан ба даалимба, даавуу, чисчүү торгон эдээр гадарласан хурган ба ишгэн дээл хүйтний улиралд өмсч байв. Нөхөрт гарсан эмэгтэй хүн түнтгэр мөртэй эхнэр дээл өмсөнө. Эхнэр дээл уужтай, дан тэрлэгний гадна талд давхарлах зориулалттай хүрэм өмсгөл нийт монголчуудын дунд дэлгэрсэн байдаг. Үүнийг баргачууд олондой гэж нэрлэдэг. Үүнээс гадна эмэгтэй хүний дээл гадуур өмсөх гоёлын хувцасны төрөл нь зах ханцуйгүй, хоёр ташаандаа оноотой хамжаар байв. Үүнийг нас ялгаварлахгүй өмсөнө.
Эрчүүдийн дээл зах өргөнтэй, энгэр нь тавиу өргөн, урт ханцуй нударгатай, хормой өргөн бөгөөд дугуйвтар, зах энгэр дан эмжээртэй байх нь нийтлэг.
Материал: цаас, цавуу, будаг, торго, булга хиймэл үс, үлбэнх.

No comments:

Post a Comment

манай facebook page д like дараарай